Өмнөх нийтлэлд бид бага насны хүүхдүүдэд хэрхэн байгальд ээлтэй дадал хэвшүүлэх талаарх зөвлөмжийг хүргэсэн билээ. Харин энэ удаагийн нийтлэлээр өсвөр насны хүүхдүүдийг хэрхэн "Ногоонбаатар"-ын иргэн болгох талаарх зөвлөмжийг нэгтгэн хүргэж байна.
7-12 насны хүүхдүүд
Мод болон ургамал тарих
Гэрийнхээ хашаанд ургамал ногоо тарих, зөвшөөрөгдсөн талбайд мод тарих, эсвэл тасалгаанд ургах боломжтой хүнсний ногоо тарих замаар өөрсдийнх нь гар биеийг оролцуулан тарьсан ургамал ногоо ургаж байгаад хүүхдүүд маш их урам авч, ногоон орчинд дуртай хүн болон хүмүүждэг.
Байгаль ба хүрээлэн буй орчинтой танилцах
Байгаль болон хүрээлэн буй орчинтой ойр байснаар оюун ухаан, бие махбод болон нийгмийн амьдрал г.м олон талууд дээр хүүхдийг тань хөгжүүлж, экологийн мэдрэмж сайтай хариуцлагатай хүн болж өсөхөд тусалдаг.
Хог хаягдлыг ангилах
Хог ангилах зарчим болон түүний ашиг тусыг хүүхдэдээ тайлбарлаж дадал болгон хэвшүүлээрэй.
Хуучин эд зүйлсийг шинэчилж ашиглах
Та хэрэгцээгүй болсон хуучин зүйлүүддээ дахин амьдрал бэлэглэх арга ухааныг хүүхдэдээ зааж өгөөрэй. Энэ насанд хүүхдүүд маш бүтээлч байдаг ба өөрсдөө судалгаа хийх, шинийг санаачлах хамгийн өндөр магадлалтай байдаг ба пластик, даавуу, болон цаасан хогоор шинэ зүйлс бүтээх маш олон аргууд бий.
Энэ тал дээр танд туслах контенуудтай дэлгэрэнгүй танилцахыг хүсвэл ЭНД дарна уу.
Хоол хүнсний хаягдлыг багасгах
Бидний худалдан авсан нийт бүтээгдэхүүний дунджаар 20-30% нь хэрэглэгдэхгүйгээр шууд хаягдал болдог. Тиймээс хоол бэлтгэхдээ боловсруулалт болон хэмжээ тохирсон эсэхэд анхаарах, хүнсний бүтээгдэхүүнийг хадгалалтын горимын дагуу хадгалаж чадаж байгаа эсэхийг хяналт тавих нь зүйтэй. Мөн та хүүхдүүддээ хоол хүнсний үнэ цэнийг ойлгуулах хэрэгтэй ба зөвхөн хэрэгцээтэй зүйлсээ худалдаж авна гэдгээ тархиндаа байнга бодож яваарай.
Усаа хэмнэх
Хэдий дэлхийн нийт гадаргын 75% нь усаар бүрхэгдсэн байдаг ч, цэнгэг усны нөөц жил ирэх тусам багасаж байна. Энэ нь ган гачиг болон халдварт өвчлөлийн эрсдэлийг нэмэгдүүлсээр л... Усыг зөв зохистой хэрэглэх талаар гүн гүнзгий зааж өгөх хэрэгтэй болоод байгаа ба шүдээ угааж байхдаа усаа хаах, бага ус хэрэглэж богино хугацаанд усанд орох, усны савтайгаа гадуур явах г.м ус хэмнэх арга барилд сургах чухал цаг бидний өмнө иржээ.
Цахилгаан хэрэглэлүүдийг унтраах
Цахилгаан хэрэглэлүүд нь унтраастай байсан ч эрчим хүч зарцуулсаар л байдаг. Компьютер, электрон тоглоом, цэнэглэгч, зурагт гэх мэт төхөөрөмжүүдийг залгуураар нь салгаснаар бид маш их эрчим хүчийг хэмнэх боломжтой. Та үүнийг гэр бүлийнхээ дадал болгосноор, хүүхэд тань гэр доторх цахилгаан хэрэглэлүүдтэй хэрхэн харьцаж сурсан нь таныг гайхшируулах болно.
Шинжлэх ухааны боловсролыг олгох
Хэрэв хүүхэд тань шинжлэх ухаанд сонирхолтой байвал, STEM буюу Шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математикийн сонирхлыг дэмжээрэй. Шинжлэх ухааны мэдлэгтэй болсноор таны хүүхэд орчлон хорвоог илүү сайн ойлгохоос гадна цаг уурын өөрчлөлтөд ямар нэгэн гарц гаргалгаа бодож олох чадвар нь сайжрах юм.
Байгаль орчин цэвэрлэх үйл ажиллагаанд хамруулах
Групп арга хэмжээ ч бас сонирхолтой шүү. Гудамжны хог хаягдал цэвэрлэх арга хэмжээнд оролцох эсвэл найзуудтайгаа тусгайлсан хог ихтэй газрыг сонгон гудамж талбайг багаасаа цэвэрлэж сурснаар багаар ажиллах чадвар сайжирдаг, мөн байгаль орчны бохирдлыг хэзээ ч тэвчдэггүй, санаа тавьдаг хариуцлагатай иргэн болдог.
13-16 насны хүүхдүүд
Алхах болон дугуй унах
Автомашинаар зорчих нь тухтай бас хурдан, гэхдээ байгаль болон хүний биед үзүүлж буй хор уршиг нь бидний төсөөлж чадахаас ч их байж болох юм. Хэрэв таны хүүхдийн сургууль ойрхон бол аль болох өөрөөр нь алхуулж сургаарай. Сургуульдаа ганцаараа явах насанд хүрмэгц дугуйгаар болон явганаар явахыг санал болгоорой.
Цаг уурын асуудлуудыг хүүхэдтэйгээ ярилцах
Хэрэв та өсвөр насны хүүхэдтэй бол цаг үеийн болон цаг уурын асуудлууд дээр хүүхэд тань ямар байр сууртай байгааг ярилцаж байгаарай. Өсвөр насанд хүүхдүүд хүрээлэн буй орчин, болон нийгмийн талаарх байр сууриа илэрхийлэх хэрэгцээ үүсэж эхэлдэг. Тиймээс энэ үед тэдний энэ хэрэгцээг хангаж чадахуйц нэгэн сэдэв нь цаг уурын өөрчлөлт ч байж болох юм. Мөн та хүүхдэдээ мэдээллийн баттай эх сурвалж бөгөөд хаанаас зөв мэдээлэл авахад нь тус дэм болоорой.
Хүүхэд тань таныг цаг уурын өөрчлөлтөд сургахаас битгий айгаарай
Таны хүүхэд танаас илүү шинэ соргог мэдээллийг танд хүргэж болох юм, тиймээс та тэдний үгийг үл тоолгүй хүүхдээсээ суралцаж, тэднийг аль болох сонсож, хүлээн зөвшөөрөх тал дээр илүү уян хатан байх хэрэгтэй ба одоогийн хүүхдүүд мэдээллийн эрин үеийн уугуул иргэд гэдгийг хэзээ ч бүү мартаарай.
Хамгийн чухал нь өөрөө үлгэрлэх
Хүүхдэдээ үгээр биш үйлдлээрээ үлгэрлэ. Та хүрээлэн буй орчиндоо санаа тавьж, байгальд ээлтэй амьдралын хэв маягт суралцаж, хүүхдүүдээ байгальд ээлтэй, хайртай иргэн болгож өсгөөрэй.
Зуны амралтаа "Гүүмби ба Жүүмби"-тэй хамтдаа зугаатай,
үр бүтээлтэй өнгрүүлцгээе!