top of page
Mandal Risk school

Хоол хүнс хор болох нь

Updated: Aug 31, 2022

Манай улсад сүүлийн жилүүдэд хоол хүнсний аюулгүй байдал болоод чанарын асуудал нэлээдгүй хөндөгдөж буй. Цар тахлын үед хүнсний гэлтгүй бүх бараа таваарын импорт доголдож, чанартай битгий хэл шинэ хүнс хэрэглэхэд хүндрэлтэй болсон. Үүнтэй зэрэгцэж инфляц, үнийн өсөлт бидний хэрэглээнд шинэ хязгаар тогтоосон гэхэд хилсдэхгүй.


Саяхан хөндөгдсөн махны асуудал, нянгаар халдварлагдсан хүүхдийн амттан гэх мэтчилэн дурдаад байвал дуусахгүй их хоол хүнсний эрсдэл хүүхэд төдийгүй насанд хүрэгчдэд тулгарч байна. Өмнө нь бид баяр ёслолын үед, хөдөө гадаа зугаалахад, халууны улиралд хоолны хордлого гэж санадаг байсан бол өнөө цагт өдөр тутамд идэж байгаа зүйлдээ эргэлзэхэд хүрээд буй.


Угтаа хүн бүр аюулгүй, шим тэжээлтэй хүнсээр хангагдах эрхтэй. Хүнсний аюулгүй байдал алдагдах нь хүүхдийн суралгад сөргөөр нөлөөлөх, насанд хүрэгчдийн ажлын бүтээмжийг бууруулдаг. Хүнсний хангамж муудаж, хэрэглээний хязгаарлалт бий болж буй өнөө цагт бид урьд өмнөхөөсөө илүүтэйгээр хүүхдийнхээ идэх зүйлд анхаарал хандуулж, давхар нягтлах нь зүйтэй.


Хоол хүнс вирус, бактери, жижиг шимэгчээр бохирдож түүнийг хүн идэхэд хоолны хордлого болно. Хоол хүнсийг бэлтгэн хийх шат дамжлагын аль ч явцад вирус, бактери хүнсэнд орох боломжтой. Эрүүл ахуйн шаардлага хангахгүй орчинд хоол тэжээл бэлтгэх, горимын дагуу хоол хүнсийг савлаж хадгалаагүйгээс хоол хүнсний чанар муудаж, хүний эрүүл мэнд, амь насанд нөлөөлөхүйц бохирдох нь хоолны хордлого үүсгэнэ.


2021 оны байдлаар улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт гэдэсний халдварын хэлбэр болон эзлэх хувиар ангилбал:

· 68.9 хувийг цусан суулга

· 10.2 хувь бактерийн гаралтай хоолны хордлого

· 3.8 хувь нь сальмонеллёз, 2.6 хувь нь суулгалт халдвар

· 1.7 цочмог гепатит А тус тус эзэлж байна


Халдварлах чадвартай болон чадваргүй эсэхээрээ ялгаатай ч эдгээр өвчлөл нь бүгд халдварлагдсан хоол хүнсээр үүсгэгдэнэ. Иргэдийн хэлж заншсан хоолны хордлого үнэн хэрэгтээ үүсгэгчээсээ хамааран дээрх бүлгүүдэд ангилагддаг хэмээн ойлгож болох юм. Өөрөөр хэлбэл хүнсээр дамжин биед ямар нэгэн бактери, вирус, жижиг шимэгч орж эрүүл мэнд, амь насанд эрсдэл үүсгэж буй нөхцөлийг илтгэж буй.


Хоолны хордлого гэдэг нь бидний бодож байгаа шиг “гэмгүй” зүйл биш юм. Учир нь тухайн өвчлөл үүсгэгчээс хамааран эрүүл мэндэд үзүүлэх богино болон урт хугацааны үр дагавар бий. Энгийн жишээ дурдахад дотор нь тавгүйрсэн хүүхдэд хорсоол өгөөд зовуурь намдахгүй, өвчин үүсгэгчийг тодорхойлж, тухайлсан эмчилгээ хийснээр бүрэн эдгэрч, зовуурь шаналгаанаас илаарьших боломжтой. Иймд, эцэг эх та бүхэн хүүхдэдээ илэрч буй шинж тэмдгүүдийг таньж, цаг алдалгүй мэргэжлийн тусламж авах нь зүйтэй.


Хамгийн түгээмэл гэдэсний халдварт өвлөлүүдийн талаарх мэдээлэл








Жилээс жилд урьдчилан сэргийлж болохуйц өвчлөлөөс шалтгаалан хүүхдүүд өвдөж, шаардлагатай тусламж үйлчилгээ авч чадаагүйн улмаас эндэж буй харамсалтай дүр зурагтай бид нүүр тулдаг. Эцэг эх бидний зүгээс хүүхдийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн тулд тэдний нас болон сэтгэхүйн онцлогт тохирсон эрсдэлийн мэдлэгийг олгож, аливаад зөв шийдвэр гаргах боломжоор хангах явдал юм.


Энэхүү хэрэгцээ шаардлагад үндэслэн бид “Гүүмби Жүүмби” цувралаа түгээмэл тохиолдох шинэ хичээлүүдээр баяжууллаа!

Хоолонд хордох эрсдэлийн талаарх хичээлээ та ЭНД дарж үзнэ үү.


168 views
bottom of page