top of page
Mandal Risk school

Хүүхдийн тань ядаргааг тайлах шилдэг 5 жор

Одоогийн хүүхдүүд байнга л ядраад байна гэх юм? Уг нь бол насанд хүрэгчидтэй харьцуулахад биеийн болон оюуны ачаалал бага авдаг байлтай. Үнэхээр ядарсан уу, зүгээр л залхуурсан уу гэдэгт заримдаа эргэлзэх үе байдаг даа.


Гэвч наснаас үл хамааран хүн бүрийн бие махбодод өөрийн гэсэн ачаалал хүлээн авах, даах чадвар гэж байдаг. Ядаргаа нь оюуны болон биен хэт их ачаалал, амьдралын хэв маягаас үүдэлтэй эмгэг юм. Хүүхдийг мэдрэлийн болоод биен ядаргаанд оруулж болох олон хүчин зүйлс бий. Тодруулбал, дэлгэцийн хэрэглээ, хүчилтөрөгчийн дутагдал, тогтмол бус нойрны хэмнэл, хичээлийн ачаалал гэх мэт.


Тиймээс, та хүүхэд ядардаггүй гэх ойлголтоо хойш нь тавиад, зуныг ашиглан хүүхдийнхээ биеийн болон оюуны ядаргааг тайлаад аваарай. Ингээд бид танд хүүхдийн тань эрч хүчийг сэлбэхэд тус болох мэргэжилтнүүдийн зөвлөгөөг хүргэж байна.

Гүн нойр ба Тогтмол цагт унтах


Хичээлийн жилийн турш хүүхдүүд гэрийн даалгавар, дугуулан, сургалт гээд тэр болгон тогтмол цагтаа унтаж амарч чаддаггүй. Үүний үр дүнд хүүхдүүд нойрны хямралд ордог ба гүн нойр авах хугацаа нь багасдаг. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар гүн нойрны хугацаа нь 22:00-03:00 цагийн хооронд байдаг. Иймд, та хүүхдээ 22 цагт унтуулж хэвшүүлээрэй.


Гүн нойр авахын ашиг тус:


· Мэдрэлийн тогтолцооны хэвийн үйл ажиллагааг хангах

· Өсөлтийн даавар ялгаралтыг нэмэгдүүлэх

· Бие махбодын эсийг нөхөн сэргээх

· Булчин болон ясны өсөлтийг дэмжих

· Ой санамжийг сайжруулах

· Биеийн энергийг нэмэгдүүлэх


Та нойрны талаар дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцахыг хүсвэл ЭНД дарна уу.


Хүчилтөрөгч


Хүчилтөрөгч нь бие махбодын хэвийн үйл ажиллагааг хангах, хоол хүнсийг энерги болгох, тархины үйл ажиллагааг дэмжих зэрэг чухал үүргүүдийг гүйцэтгэдэг. Харин хүрээлэн буй орчны бохирдол, агаарын чанар, тоосжилт зэргээс үүдэн хүүхэд гэлтгүй насанд хүрэгчид ч мөн адил хангалттай хэмжээний хүчилтөрөгч авч чадаж байгаа эсэх нь эргэлзээтэй. Үүнээс үүдэн эрүүл мэндэд хэд хэдэн сөрөг үр дагавар гарах магадлалтай. Тухайлбал, хүчилтөрөгчийн дутагдлаас үүдэн хүүхэд тань стресстэй, нойргүйдэх, сэтгэн бодох чадвар муудах, ядаргаанд орох гэх мэт. Иймд, зуны гурван сарын ашиглан та:


· Агаар салхинд гарах (ууланд алхах, ногоон байгууламжаар зочлох)

· Хөдөө эсвэл хотоос зайдуу хүүхдийн зусланд амрах

· Өдөрт 3-4 удаа өрөө тасалгаанд агаарын солилцоо хийх, агаарыг цэвэршүүлж, чийгшлийг тэнцвэржүүлэх


Сонирхсон спортоор нь хичээллүүлэх


Зуныг үр бүтээлтэй өнгөрүүлэх шалгарсан аргуудын нэг бол дугуйлан юм. Жилийн турш хичээлийн ширээний хойно хөшсөн бие, номоор “нүдсээр” ядарсан тархи толгойг зунд нь битүү өрөөнд хичээл хийлгэж суулгахаас илүүтэй, дасгал хөдөлгөөний тусламжтай амраагаарай. Спортоор хичээллэхийн давуу талууд:


· Цусны эргэлтийг сайжруулснаар тархин дахь цусан хангамжийг нэмэгдүүлнэ

· Анхаарал төвлөрөлтийг нэмэгдүүлэх

· Стрессийн даавар болох кортизолын хэмжээг бууруулах


Та “Хүүхдэд зориулсан хамгийн шилдэг 10 спортын жагсаалт”- тай болон тус бүрийн давуу талуудтай ЭНД дарж танилцаарай.


Дэлгэц болон ухаалаг төхөөрөмжийн зохистой хэрэглээ


21-р зуунд дэлгэц бол бидний салшгүй хэрэглээний нэг болж байна. Гэвч дэлгэц нь хүүхдийн тань ядаргааны үндэс ч байж болох юм. Тиймээс та хүүхдэдээ гар утас, зурагт үзэх, компьютер тоглох буюу ухаалаг төхөөрөмжүүдтэй харилцах зөв дадлыг хэвшүүлэх хэрэгтэй. АНУ-ын “Хүүхэд болон өсвөр насныхны сэтгэц судлалын академи”-ийн зүгээс эцэг эхчүүдэд дараах зөвлөмжүүдийг санал болгож байна. Эдгээрт:


· Хүүхдийг 18 сар хүртэл видео дуудлага хийлгэх давтамж болон хугацааг бага байлгах

· 18-24 сартай хүүхдүүдэд боловсролын шинжтэй контентыг цагийн хязгаарлалттай үзүүлэх

· 2-5 насныханд өдөрт боловсролын болон хөгжөөнт контентыг үзэх хугацаа дээд тал нь 1 цаг, амралтын өдөр дээд тал нь 3 цаг байх нь зохимжтой

· 6-аас дээш насныханд дэлгэц болон ухаалаг төхөөрөмжүүдтэй зөв харьцах дадлыг хэвшүүлэх

· Гэр бүлээрээ өнгөрөөж буй цаг хугацаанд аливаа дэлгэц ашиглахаас зайлсхийх

· Хүүхдийг саатуулах зорилгоор дэлгэц ашиглахгүй байх

· Унтахаас 30-60 минутын өмнө хүүхдийн дэлгэцийн хэрэглээг хязгаарлах


Эрүүл, тэнцвэртэй хооллох


Хүүхдийн хэвийн өсөлт хөгжлийг дэмжих чухал хүчин зүйлсийн нэг бол эрүүл, тэнцвэртэй хооллолт. Эмч мэргэжилтнүүдийн зөвлөж буйгаар хүүхэд өдөрт 3-5 удаа хоолловол зохистой гэж үздэг. Тодруулбал, өглөөний цай, өдрийн унд, оройн хоол болон тэдгээрийн хооронд хөнгөн зууш идэж болох юм. Үүний зэрэгцээ эцэг эхчүүдийн зүгээс хүүхэд хоол хүнсээрээ дамжуулан өөрт шаардлагатай витамин, эрдэс бодис, уураг, нүүрс ус, өөх тос зэргийг авч байгааг харгалзах нь зүйтэй.


Хүүхэд өлсөх, хангалттай хэмжээнд хоол, хүнс авч чадахгүй байгаа тохиолдолд уур бухимдалтай авир гаргадаг. Түүнчлэн энэ нь толгойн өвдөлт, хоол боловсруулах эрхтний тэнцвэртэй үйл ажиллагааг алдуулах, сульдах зэргийн шалтгаан болох эрсдэлтэй юм.


Та шим тэжээлээр хамгийн баялаг 10 хүнс болон өдөрт авбал зохистой витамин, эрдэс бодисын хэмжээний талаарх мэдээлэлтэй ЭНД дарж танилцана уу.





2,426 views
bottom of page