top of page
Mandal Risk school

Хүүхдэдээ заавал зааж өгөх ёстой 7 зүйлс

Хүүхэд зөн совингоороо л ямар нэг шинэ сонирхолтой зүйлсийг эрэлхийлж байдаг. Иймд та хүүхдээ шинэ зүйл сурахыг нь хориглохын оронд тэдэнд аливаа зүйлийг өөрийнхөөрөө мэдрэх боломжийг олгох хэрэгтэй. Ингэснээр тэднийг илүү хөгжүүлж, аливаа зүйлийг бие даан хийж суралцах, өөртөө итгэлтэй байх боломжийг нь нээж өгдөг.


Хүүхдийн биеэ даасан байдал нь тэдний ирээдүйд маш чухал гэдгийг санах хэрэгтэй.

Гэсэн хэдий ч аюулгүй байдлыг мартаж болохгүй. Таны хүүхэддээ "өөрийгөө хэрхэн хамгаалах" талаар заасан мэдлэг түүнд насан туршид хэрэг болно гэдгийг санаарай.



1. Гэр бүлийнхэнтэйгээ холбоо барих мэдээлэл


Ихэнх эцэг эх хүүхдийнхээ гар утсанд нь дугаараа хадгалаад үлдээдэг. Гэхдээ яаралтай үед утас унтрах, эвдрэх зэрэг янз бүрийн зүйлс тохиолдож болно шүү дээ. Тиймээс асран хамгаалагч нар заавал өөрсдийн бүтэн нэр, гэрийн хаяг утасны дугаарыг цээжүүлээрэй. Мөн сургууль руу гаа ирж очих хооронд гэрийн ойролцоох таних тэмдэг тэмдэглэгээг сануулж байхыг зөвлөе.


2. Замын хөдөлгөөний аюулгүй байдал


Та хүүхдээ замаар болгоомжтой гар, гэрэл дохио харж гарч бай гэж загнаж үглэхээсээ өмнө яагаад болгоомжтой гарах тухай тайлбарлаад үзээрэй. Хүсвэл хамтдаа тоглоом тоглосон ч болно. Хүүхдэд загнаж уурлаж хэлсэн зүйлсээс илүүтэйгээр ойлгож сурч мэдсэн зүйлсээ хэрэгжүүлэх дуртай байдаг шүү дээ.



3. Төөрчихвөл байгаа газраа үлд


Олон хүн холхисон хөл хөдөлгөөн ихтэй газар хүүхэд төөрөх тохиолдол нийлээдгүй гардаг. Энэ үед хамгийн чухал нь тайван байх хэрэгтэй. Үүнээс гадна та хүүхдэдээ хэрвээ эцэг эх гэрийхнээсээ төөрвөл сандарч тэвдэлгүйгээр, байгаа газартаа үлдэж, ойрхон лангуу болон тухайн байгаа газрын ажилтанд эцэг эх рүү холбогдож өгөхийг гуйх нь зөв гэдгийг зааж өгөөрэй.


4. Хувийн мэдээллээ бусадтай хуваалцахгүй байх


Орчин үед хүүхдүүдэд бага наснаас нь эхлэн цахим ертөнц нээлттэй байх болсон. Гэсэн хэдий ч хангалтай төлөвшөөгүй байгаа хүүхдийн гэнэн занг ашиглаж үйлдэгдэх гэмт хэргийн тохиолдол нэмэгдэж байгаа тул та хүүхдэдээ сурдаг сургууль, гэрийн хаяг, утасны дугаараа олон нийтийн сүлжээнд тавихгүй байх, ямар нэг судалгаа бөглөхгүй байхыг анхааруулаарай.


5. Уснаас болгоомжил


Өнгөрсөн жил л гэхэд голын усанд 23 хүүхэд эндсэн. Тэгэхээр хүүхдүүддээ усан сэлэлтийн хичээлд хамруулах эсвэл дараах хичээлийг үзүүлж уснаас хэрхэн болгоомжлох талаар зааж сургаарай.



6. Чиний бие бол зөвхөн чинийх


Хүүхэдтэйгээ хэн нэгэн чиний биед зөвшөөрөлгүй хүрч болохгүй талаар нэг ярилцаарай. Ямар тохиолдолд санамсаргүй үйлдэл, ямар тохиолдолд тусламж дуудах эрсдэлтэй нөхцөл байдал үүссэнийг ойлгуулах нь зүйтэй. Ер нь аль ч тохиолдол бай хүүхдийн биед өөрийнх нь зөвшөөрөлгүй хүрэх нь түүний биед халдаж байгаа болохыг тайлбарлаж, шаардлагатай тохиолдолд тусламж дуудах хэрэгтэйг сануулаарай.


7. Тусламж дуудах


Та дараах яаралтай тусламжийн дугааруудыг хүүхдэдэээ цээжлүүлж ямар үед дуудах хэрэгтэйг тайлбарлаж өгөөрэй.


  • Хүүхдийн тусламж 108

  • Галын дуудлага 101

  • Цагдаа 102

  • Түргэн тусламж 103








22,609 views
bottom of page