top of page
Mandal Risk school

Хүүхэдтэйгээ харилцахын ач холбогдол

Updated: Feb 3, 2023

Харилцааны чадвар нь хүүхэд өөрийгөө илэрхийлж сурах, найз нөхөдтэй болох, хүнийг сонсох, бусдаас хэрэгцээтэй зүйлсээ асууж олж мэдэх зэрэг хүүхдийн хөгжилд чухал нөлөө үзүүлдэг. Харин хүүхэд эдгээр чадварыг багш, найз нөхдөөсөө илүү эцэг эхээсээ суралцаж байдаг.


Эцэг эхчүүд хүүхэдтэйгээ байнга ярилцаж байснаар тэднийг хөгжүүлэхээс гадна хүүхэд улам өөртөө итгэлтэй болж өөрийгөө илэрхийлэх чадвар нь ч сайжрах болно.



1. Харилцааны чадвар


Хүүхэд тань тантай ярилцаж, яриаг чинь сонсож байхдаа мөн таныг бусадтай харилцаж байхыг харж байхдаа харилцан ярианы талаар маш их зүйлийг сурч байдаг. Жишээ нь гэртээ өглөөний мэнд , сайхан амраарай гэх мэт үг ашигладаг айлын хүүхэд илүү хурдан хэлд орж, илүү нээлттэй байдаг. Мөн та хүүхдийнхээ яриаг сонсохдоо гар утас, телевизор гэх мэт анхаарал сарниулах зүйлсийг унтрааж яриандаа анхаарал хандуулдаг бол энэ ч гэсэн бусдын яриаг анхааралтай сонсож сурах зөв дадлыг суулгаж байдаг.


2. Бусдын яриаг таслах


Ихэвчлэн хүүхдүүд ярих хүслээ барьж чадахгүй байх үедээ бусдын яриаг тасалдаг. Энэ нь хүүхдийн нас хөгжлийн үе шатаас хамаарч харилцан адилгүй байдаг. Жишээлбэл бага насны хүүхдийг зүгээр сонс битгий яриа тасал гэж зөндөө хэлсэн ч ойлгоход хэцүү байж болно. Харин сургуулийн насны хүүхэд бол үүнийг харьцангуй хурдаг ойлгодог. Гэхдээ яаралтай л биш бол хүний яриаг таслах, бусадтай зэрэгцэж ярих нь бүдүүлэг үйлдэл бөгөөд байнга хийж хэвшихээс нь өмнө хүний яриаг хүлээцтэй сонсдог болоход нь туслаарай. Жишээ нь хүний яриа битгий тасал гэж загнаж эхлэхээс өмнө тэдэнд ямар үед яриаг таслах хэрэгтэй вэ гэдгийг ойлгуулах эсвэл гэр бүлдээ бусдыгаа ярьж байхад яриа таслах шаардлагатай бол гараа өргөж ярих, эсвэл уучлаарай надад санал байна гэж зөвшөөрөл авч харилцан яриаг таслах гэх мэт боловсон аргуудыг ашиглаж бяцхан дүрэм зохиож болно шүү.


3. Тайлбар тавих ба бүдүүлэг харилцаа


Мэдээж байнгын тайван эелдэг харилцаа гэж юу байх вэ? Хүүхэд учраас зөрүүдлэх , тайлбар тавих, зарим тохиолдолд орилох хашхичих байдлаар сэтгэл хөдлөлөө илэрхийлдэг. Харин энэ тохиолдолд шууд хэрэлдэж загнах биш, тайван болсон үед нь тухтай ярилцаж, эелдэг хүндэтгэлтэй харьцах талаар тайлбарлах бүр шаардлагатай бол хэрвээ ууртай бол юу ч хэлэхгүй орхиод хэсэг хугацааны дараа эргэн ярилцах нь хэрэгтэй талаар зөвлөөрэй. Дууны тааламжгүй өнгө дотно харилцаанд ч сэв суулгадаг шүү дээ.


4. Темперамент


Хүүхдийн зан төлөв мэдээж харилцааны чадварт нөлөөлдөг. Жишээ нь нийгмийн идэвхтэй хүүхэд бол бусдын харилцан яриа бүрд оролцох, ярианы төв байх дуртай байдаг учир бусдыг сонсох чадвар сул байдаг. Харин бүрэг ичимхий бусадтай удаан дотносдог төрлийн хүүхэд бусдын сайн сонсогч байх боловч өөрийгөө илэрхийлэх чадвар сул байдаг.


Гэхдээ хүүхэд бүрийн зан төлөв, мэдрэмж харилцан адилгүй зарим хүүхэд хурдан ойлгодог бол зарим хүүхдэд илүү их дадлага сургуулилт, давталт хэрэгтэй байдаг. Тиймээс хамтдаа хичээцгээе! Мөн тэднийг хэн нэгэнтэй сайхан харилцан яриа өрнүүлэхэд нь урамшуулж магтахаа битгий мартаарай.




303 views

Recent Posts

See All
bottom of page