Хичээл сургууль эхэлж хүүхэд багачууд маань анхны өдрөө догдлол дүүрэн угтдаг. Гэсэн ч тухайн мэдрэмж удаан үргэлжилдэггүй. Учир нь олон сурагчид даалгавраас үүдсэн стресст өртдөг нь нууц биш юм. Энэ нь цаашлаад эцэг эхчүүдэд ч мөн асуудал болж эхэлдэг.
Нийслэлийн ерөнхий боловсролын 15 сургуульд “Хичээлийн цаг, агуулга, гэрийн даалгавар” гэсэн гурван бүлэгт судалгаа явуулжээ. Судалгаанд оролцсон сурагчдын 45% нь гэрийн даалгавар их өгдөг учир хичээлд явах сонирхолгүй, 11% нь гэрийн даалгавраа хийгээгүй үедээ хичээлээ тасалдаг гэж хариулсан байна. Үүнээс харахад хүүхдийн сурах эрмэлзэл, хичээлийн оролцоонд нөлөөлөх гол хүчин зүйлүүдийн нэг нь даалгавар нь болж буй. Тиймээс тэдний асуудлыг олж, түүнийг шийдвэрлэхэд нь эцэг эхчүүд бид туслах нь зүйтэй юм.
Сурагчдад хичээлийн стресс хэрхэн нөлөөлдөг вэ?
Ихэнх эцэг эхчүүдийн хувьд гэрийн даалгавраас үүдэлтэй стрессийг байдаг л зүйл гэж ташуу ойлгодог. Хэдийгээр гэрийн даалгавар нь сурсан зүйлээ бататгах сургалтын нэгэн хэсэг боловч зарим сурагчдын хувьд “дарамт” болж хувирах талтай. Энэ нь тухайн хүүхдийн оюуны потенциал сайн, мууд биш юм. Сурлагын чанараас үл хамаарч хүүхэд бүрд тохиолддог нөхцөл байдал гэдгийг эцэг эхчүүд ойлгох нь зүйтэй.
Зарим сурагчдын хувьд даалгавар нь стрессийг өндөр түвшинд хүргэж, сэтгэлээр унахад нөлөөлөх гол хүчин зүйл болдог. Энэ нь цаашлаад хүүхдийн сурлага, нийгмийн харилцаа, бие болон сэтгэцийн эрүүл мэндэд ч сөргөөр нөлөөлдөг.
Тухайн стрессийг бууруулахад эцэг эх юугаар тусалж чадах вэ?
Та хүүхдээ даалгавар заавал хийх ёстой гэж загнаж, шахах нь тэдэнд тусалж буй хэрэг огт биш. Ингэх тусам хүүхдэд даалгавар нь илүү дарамт болох хандлагатай. Үүний зэрэгцээ хүүхэд худлаа ярьж эхлэх эрсдэлтэй.
Үүний оронд та хүүхдэдээ даалгаврыг цэгцтэй, зохион байгуулалттай хийхэд нь тусалж, амралт болон төвлөрөлтийн цагийг нь зохицуулж өгөөрэй. Харин танд туслах бяцхан зөвлөмжийг бид нэгтгэн хүргэж байна.
1. Чимээгүй, тухтай орчин бүрдүүлэх
Хамгийн эхний үр дүнтэй арга бол хүүхэд хичээллэхэд тохиромжтой орчныг бүрдүүлэх шаардлагатай. Мөн хичээллэх явцад гар утас, компьютер, зурагт зэрэг анхаарал сарниулах зүйлс байрлуулахгүй байх нь чухал. Учир нь орчны дуу чимээ хүүхдийн анхаарлыг амархан сарниулж, төвлөрөлтийг бууруулдаг. Харин анхаарал төвлөрөлт муу байгаа цагт гараас сайн үр дүн гарна гэдэг нь бараг л боломжгүй зүйл шүү дээ.
2. Идэвхтэй цагт нь тааруулах
Хүүхэд бүрд хичээл хийх тохиромжтой цаг гэж бий. Тиймээс ямар үед илүү төвлөрч, гүйцэтгэл сайтай байгааг нь олж мэдэн, хамтдаа өдрийн хуваариа төлөвлөөрэй. Хүүхэд бүр харилцан адилгүй хэдий ч ихэвчлэн оройн цагаар энерги багасаж, ажлыг дуусгахад төвөгтэй болдог гэдгийг мартуузай.
3. Хийх зүйлсийн жагсаалт гаргах
Хэзээ ямар хичээл хийх, дараагаар нь хэдэн цаг тоглох, хэдийд унтаж, сэрэх зэргээр цагийн төлөвлөгөө гаргахад нь туслах хэрэгтэй. Ингэснээр хүүхэд жагсаалтын дагуу зохион байгуулалттайгаар өөрийн өдөрт хийх зүйлсээ төвөггүй гүйцэтгэж сурах юм.
4. Биет шагналаас илүү магтаж урамшуулах
Биет шагнал бүү санал болгоорой. Зарим эцэг эхчүүд хүүхдээ үүнийг хийчихвэл хүссэн тоглоом, амттаныг нь авч өгнө хэмээн буруу сэтгэхүйг суулгадаг. Ингэснээр хүүхэд хичээл хийх урам зоригийг зөвхөн шагналаар л авдаг болох магадлалтай. Нэгэнт тийм дадал сууснаар шагналгүй бол даалгавар хийх хүсэлгүй болж, энэ нь эцэг эхчүүдийг ч хүнд байдалд оруулдаг.
Хүүхдэд хамгийн хэрэгцээтэй зүйл бол сэтгэл зүйн дэмжлэг байдаг учраас магтаж сайшаах нь тохиромжтой. Жишээ нь: “Миний хүү/охин сайн байна шүү. Чиний хийсэн хичээлийг хараад аав ээж нь маш их бахархаж байна шүү” “Маш их хичээсэн нь харагдаж байна шүү” гэх зэрэг чин сэтгэлийн магтаал нь хүүхдийг урамшуулж, хийж буй зүйлдээ дуртай болох сэдлийг нь нэмэгдүүлэх юм шүү.
5. Шууд хариулахаас татгалзаж заавар зөвлөмж өгөх
Та хүүхдийнхээ өөртөө итгэх итгэлийг олоход туслах хэрэгтэй. Хүүхэд тань чадахгүй зүйлээ асуувал шууд хариулснаар бэлэнчлэх сэтгэлгээтэй болгоход хүргэдэг. Үүний оронд ямар аргаар хийх боломжтойг нь хэлж, бие дааж хийлгэх нь чухал. Ингэснээр хүүхэд чадахгүй зүйлээ бага багаар чаддаг болж, урамшиж илүүг хийх итгэлтэй болох юм.
6. Даалгаврыг хэцүүгээс амархан руу эрэмбэлэх
Хүүхэд аливаа зүйлийг эхлэх үед анхаарал төвлөрөлт болон энергийн хувьд илүү өндөр байдаг. Тиймээс тэдэнд хамгийн хэцүү байгаа хичээлээс эхлээд хамтдаа хийгээд үзээрэй.
7. Завсарлагаа хослуулах
Насны онцлогоос хамаарч 6-8 насны хүүхдүүдийн анхаарал төвлөрөх дундаж хугацаа 10 минут байдаг гэсэн судалгаа байдаг. Тиймээс өгөгдөх даалгавар 10 минутаас хэтрэхгүй байх ба хэрвээ их даалгавартай тохиолдолд дараах аргыг хэрэгжүүлээрэй.
25 минут хичээлдээ төвлөрч 5 минут амрах гэх мэт өөрт тохирох хугацааг тааруулж суух арга юм. Ингэснээр толгой илүү сэргэж, биеийн чилээ гарч, бүтээмж илүү нэмэгдэнэ. Энэхүү арга нь Youtube сувагт “pomodoro technique” буюу "помодоро техник" нэрээр байдаг түгээмэл арга юм.
8. Эрүүл, тэнцвэртэй хооллох
Ихэнх хүүхдүүд гэртээ ирэхдээ өлссөн байдаг ба шууд даалгавар хийх нь тэдэнд хүндрэлтэй байдаг. Тиймээс эрүүл, хөнгөн хооллож, гэдэс цатгалан байснаар анхаарал төвлөрөлт, бүтээмж нэмэгдэх боломжтой.
9. Чанартай нойр авах
Нойрноос эрч хүч шууд хамааралтай. 6-13 насны хүүхэд өдөрт 9-11 цаг унтах шаардлагатай бол өсвөр насныхан 8-10 цаг унтах ёстой. Тийм учраас хүүхэд өдөр бүр бүтээмж ихтэй, эрч хүчтэй байхын тулд хангалттай амрах шаардлагатай.
10. Өөр эх сурвалжаас мэдээлэл авах
Даалгавраа хэрхэн хийхээ ойлгохгүй байх нь стрессийн түвшнийг хамгийн их нэмэгдүүлдэг. Тиймээс хүүхэд тань хичээлээ ойлгохгүй байх нь, аав ээжээсээ асуух нь хэвийн зүйл мэт хүүхдэдээ ойлгуулах хэрэгтэй. Мөн багшаасаа хичээлтэй холбогдолтой сэдвээр асуулт асууж, холбоотой байх нь чухал.
Дээрх аргууд нь зөвхөн хүүхдийн тань хичээлийн стрессийг бууруулах арга бус төлөвлөгөөтэй, шаргуу хүн болгоход ч мөн туслах юм шүү. Стресс хүүхдэд ч байх асуудал тул зөв, буруу гэж шүүмжлэхээсээ өмнө хамтдаа хэрхэн давах талаар ярилцдаг байгаарай. Хүүхэд багачуудын өсөн торниж буй энэ үед л зөв дадлыг хэвшүүлж чадвал эцэг эхийн оролцоогүй ч суралцаж, стрессгүй хүн болж төлөвших юм шүү ЭЦЭГ ЭХЧҮҮДЭЭ!