top of page
Mandal Risk school

Амины үнэтэй амралт

Updated: Oct 27, 2021

Урин дулааны улирал эхлэхэд аялал, зугаалгын тоо эрс нэмэгддэг билээ. Үүнийг даган хүүхдийн өртөх гэнэтийн ослын тоо, түүнээс үүдэж бий болох хохирол мөн адил өсөх үзүүлэлттэй байдаг байна.

Манай улсын хувьд 1-5 настай хүүхдийн гэнэтийн ослоос үүдэлтэй эндэгдлийн тэргүүлэх шалтгааны нэг нь усанд санамсаргүй живэх тохиолдол юм. Ослын ихэнх хувь нь гол, мөрөнд осолджээ. Сүүлийн 10 жилийн дунджаас үзэхэд жил тутам усны осол нь бага насны хүүхдийн гэнэтийн ослын шалтгаант нас баралтын 18.2%-ийг, 2019 онд хамгийн өндөр буюу 30 гаруй хувийг эзэлсэн. Мөн энэ тоо цаашид нэмэгдэх хандлагатай байгаа юм.


Энэ он гарсаар зуныг угтаж амжилгүй 4 хүүхэд усны ослын улмаас амь насаа алдсан харамсалтай мэдээ бий. Хүүхэд усны осолд өртөх эрсдэл бий болж буй үндсэн хэд хэдэн шалтгааны нэг бол эцэг эх, асран хамгаалагчийн хараа хяналт, сонор сэрэмж сул байдагтай холбоотой. Үүний зэрэгцээ насанд хүрэгчид усанд живэх үед аврах, хэрхэн анхан шатны тусламж үзүүлэх, живэх үед ажиглагдах шинж тэмдэг зэргийн талаар хангалттай мэдлэг, мэдээлэлгүй байдаг нь мөн нөлөөлдөг. Гэнэтийн ослын тоон мэдээллээс үзэхэд насанд хүрэгчид хүүхдэд битгий хэл, өөрсдөдөө ч туслах “боломжгүй” байдгийг харж болно.


Өнгөрсөн оны 7 сард 11 настай хүү усанд тоглож байх үедээ голд живсэн хэрэг гарсан. Гэвч энэ хэргээс хэдхэн жилийн өмнө уг хүүгийн төрсөн ах мөн адил тухайн голд тоглож байхдаа живж эндсэн байдаг. Нэг гэр бүлийн хоёр хүү ар араасаа усны ослоор амь насаа алдсан эмгэнэлтэй энэ тохиолдолд хувь тавиланг зүхээд өнгөрөх үү? Эдгээр тохиолдлын аль алинаас нь бүрэн урьдчилан сэргийлэх боломжтой байсан. Сонор сэрэмж, болгоомж хэзээ ч илүүдэхгүй. Үүнтэй адил шалтгааны улмаас олон тооны осол гарч, өөрийгөө хамгаалах чадваргүй олон хүүхэд эндэж байсан, эндсээр л байна.


Живж эхлэх үед хүн ямар нэгэн тусламж эрэх, дохио өгч чаддаггүй. Тэр дундаа бага насны хүүхэд болж буй үйл явдлыг ойлгож амжаагүй байхад их хэмжээний ус уушги руу орж, амьсгалах боломж тэгтэй тэнцдэг.


Зуны улиралд хур тунадасны хэмжээ эрс нэмэгддэг тул гол, мөрний усны түвшин үүнийг дагаж нэмэгдэх бөгөөд насанд хүрсэн хүн ч усанд тэнцвэртэй тогтоход хүндрэлтэй байдаг. Зөвхөн гол, мөрний ус бус тогтоол усанд хяналтаа алдаж живэх эрсдэл байдаг гэдгийг мартаж болохгүй.


Энэ жилийн хувьд манай орны нийт газар нутаг их хэмжээний хур тунадастай байгаа юм. Газар зүйн байрлалаас хамааран гол, мөрний усны түвшин 10-80см нэмэгдэж байгаа нь олон жилийн дунджийг 25-135 см давж байна. Энэ нь усны осолд өртөх эрсдэл улам бүр нэмэгдэх магадлалтай гэдгийг илтгэж байна.


Хүүхдэд учрах эрсдэлийн талаар цогц мэдлэг олгох нь урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй аргуудын нэг юм. Иймд, бидний бэлтгэсэн хүүхдийн эрсдэлийн боловсролд хөрөнгө оруулах “Гүүмби Жүүмби” цувралын усанд живэх эрсдэлийн талаарх онлайн хичээлийг үзүүлэхийг санал болгож байна!


Мөн танд болон таны гэр бүлийн аюулгүй байдлыг хангахад тус болох дараах зөвлөмж мэдээллийг хуваалцъя.


293 views
bottom of page