Эрэгтэй хүүхдийг хүмүүжүүлнэ гэдэг охин хүүхэд хүмүүжүүлэхээс ондоо. Учир нь та ирээдүйн ААВ, НӨХӨР гэдэг хариуцлагатай хүнийг өсгөж байгаа хүн шүү дээ. Тиймээс эрэгтэй хүүхдэдээ багаас нь баримталж дадвал зохих 6 энгийн, чухал дүрмийг хүргэж байна.
1. Онцлогийг нь ойлгох
Та хүүхдийнхээ насны хөгжлийн онцлогийг мэдэх үү? Юуны өмнө хүүхэд тань хэдэн насандаа ямар хөгжлийн онцлогтой болохыг мэддэг, ойлгодог байх нь чухал.
Хүн бүрийн насны онцлогт тохирсон биеийн, сэтгэцийн болон нийгмийн хөгжлийн онцлогууд бий. Тэр дундаа хүүхдийн хөгжлийн онцлогийг таньж мэдэх нь бага наснаас нь эхлэн аливаа нэг ур чадварыг эзэмшүүлж, хөгжүүлэх, нийгмийн амьдралд бэлтгэх бат бөх суурийг тавьж өгдөг юм шүү!
2-3 нас: Энэ үед хүүхдийн сэтгэл зүйн хөгжлийн хамгийн чухал үе байдгийг санах хэрэгтэй. Учир нь энэ хугацаанд хүүхдэд бие даасан байдал бий болох, ичих, эргэлзэх мэдрэмжүүд үүсэж төлөвшдөг байна.
3-4 нас: Хүүхдийн бие даах хүсэл нэмэгдэж, шаардлага тавих нь давамгайлж, эцэг эхийн хэт халамжаас зайлсхийдэг болдог тул багахан асуудлууд бий болж эхэлдэг.
4-5 нас: Хүүхэд урьд өмнөхөөсөө илүү хөдөлгөөний өндөр идэвхтэй байна. Тэдэнд өөрийн биед буй их хэмжээний энергийг гадагшлуулах хэрэгцээ бий болдог. Харин хөдөлгөөнийг хязгаарлах гэж оролдоход хүүхэд ууртай, дуулгаваргүй болох магадлалтай.
5-6 нас: Энэ үед хүүхэд өөрийгөө том болж байгаагаа ойлгож эхэлдэг. Энэхүү мэдрэмжийг нь хүлээн авч, хэвийн зүйл болохыг тайлбарлаж, мөн шинэ зүйл сурахад чиглүүлж болно.
6-7 нас: Энэ үед хүүхэд амьдралын өмнөх жилүүдээсээ их мэдээлэл хүлээж авах хүсэл эрмэлзэл өндөр болж, оюун ухааны чадамж нэмэгддэг.
2. Тэвчээртэй сонсох
Танд ямар ч хамаагүй сэдвээр ярьсан хамаагүй та түүний хамгийн сайн сонсогч байх хэрэгтэй. Энэ нь тэр том болоод бүхнээс түрүүнд танд бүх зүйлээ нуулгүй ярьдаг, дотно байхад нөлөөлнө.
3. Асуулт бүрд нь татгалзалгүй хариулах
Хүүхэд бүр анхнаасаа бүх зүйлийг мэдэж төрдөггүй шүү дээ. Ямар ч төрлийн ямар ч асуулт асуусан чиний нас болоогүй, чи мэдэх хэрэггүй гэх хариулт байж болохгүй. Ингэснээр насанд хүрээд таныг асуулт асуухад цааргалдаггүй байх, аливааг сонирхож туршиж үздэг, мэдлэгтэй байхад нөлөөлөх юм шүү.
4. Хамгийн үнэнч дэмжигч нь байх
Хүүхэд тань ямар ч мэргэжилтэй, ямар ч хүн болно гэж ярьсан та тухайн зүйлтэй нь холбогдолтой бүхий л талаар нь дэмжих хэрэгтэй. Нэг л өдөр жинхэнэ шийдвэрээ тэд өөрөө гаргах болно.
5. Шүүмжлэхээ болих
“Эрэгтэй хүүхэд байж... Том хүн байж уйллаа” гэж бүү хатуурх, бүх зүйл дээр чанга хүн байлгах гэж бүү хичээ. Хэрвээ уйлж байвал тайвшруул. Энэ нь ирээдүйн таны хүүтэйгээ бие биеэ ойлгох суурь болох ба хүүхэд ч хэзээ ч ганцаараа уйлж суух ёсгүй гэдгийг санаарай.
6. Дооглож, инээхгүй байх
Эрэгтэй хүний хувьд эмэгтэй хүнд ялангуяа ээждээ шоолуулна гэдэг сэтгэлзүйн хувьд том цохилт болдог байна. Тиймээс өмдөө буруу харуулаад өмссөн байсан ч, буруу зүйл хийсэн ч, ямар ч өхөөрдөм зүйл хийсэн байсан шоолж инээх нь зөв үйлдэл биш гэдгийг санаарай.
Хүүхдээ хайрлаж, эрсдэлгүй, аюулгүй өсгөх гэж хичээж буй эцэг эх танд баярлалаа!